Developed by JoomVision.com
Шинэ мэдээ

Баян-Өлгий аймгийн Хөдөлмөрийн хэлтэсийн 2013 оны 1-р улирлын ажлын тайлан

Нэг. “Ажилтай орлоготой монгол хүн” хөтөлбөрийн хүрээнд:

  1. Шинээр бий болсон ажлын байранд 210 хүнийг ажилд зуучлав.
  2. 164 хүнд ажил мэргэжил, чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөв.
  3. 49 ширхэг ажлын байрны захиалга өгсөн 10 ажил олгогчийг мэдээллийн нэгдсэн санд бүртгэв. Бүртгэлтэй ажилгүй иргэний тоо 714.
  4. Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээний гарын авлага хэвлүүлж, аж ахуйн нэгж байгууллагуудад тараав.
  5. Нийтийг хамарсан ажилд   237 хүн хамруулав.
  6. Хөдөлмөр эрхлэлтийн аймгийн салбар зөвлөлийг 2013 оны 2-р сарын 19 -нд шинэчлэн байгуулж, жилийн ажлын төлөвлөгөөг батлуулж ажиллаж байна.
  7. Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрт хамрагдсан 35 төслийн хэрэгжилтийг газар дээр нь шалгаж, зөвлөгөө өгөв.
  8. “ Үндэсний мэргэжилтэй ажилтанг бэлтгэх ” хөтөлбөрийн хүрээнд ажил олгогчийн захиалгыг авч нэгтгэн, 4 талт гэрээ байгуулсны үндсэн дээр аймгийн МСҮТ-тэй хамтран мэргэжилтэй ажилтанг бэлтгэх сургалтыг 2 дахь удаагаа зохион байгуулж байна. Аймгийн МСҮТ-д одоо барилгын өрлөгчин мэргэжлээр 37, гагнуурчин 23, засал чимэглэлч 30, бетон арматурчин 14, сантехник 13, ноос самнах машинист 29, нийт 146 хүн суралцаж байна. 2 дугаар шатны сургалтанд суралцуулахаар ажил олгогчийн захиалгын дагуу ажилгүй 50 хүнийг бүртгүүлж, 4 талт гэрээний дагуу сургалтыг эхлүүлэх гэж байна.
  9. Мэргэжил олгох сургалтанд цэцэрлэгийн туслах багш мэргэжлээр 75 , үсчний мэргэжлээр 30 ажилгүй иргэн хамрагдаж, чадамжийн гэрчилгээ авсан болно. Одоо тогоочийн сургалтад 30, эксковаторчний сургалтад 28 хүн тус тус элсэн суралцаж байна. Эхний улирлын байдлаар нийт 163 хүнийг мэргэжил олгох сургалтанд хамруулсан байна.

Хоёр : Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн харилцааны бодлогын хэрэгжилтийг хангах талаар

  1. Аймгийн хэмжээний 44 томоохон аж ахуйн нэгж, компаниудын удирдах албан тушаалтнуудад Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн сургалтыг   2013 оны 3-р сарын 03-ны өдөр зохион байгуулав.
  2. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар зөвлөмж боловсруулж ,гарын авлага хийж, тараав.
  3. 2013 оны 1-р сарын 31-нд аймгийн Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн салбар хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн байгуулав.
  4. Аж ахуйн нэгж байгууллагуудад Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй асуудал хариуцсан бүтэц,орон тооны бусзөвлөл байгуулагдаж эхэлсэн байна.
  5. Аж ахуйн нэгж байгууллагуудын удирдах албан тушаалтнуудад хөдөлмөрийн хөлс, хөдөлмөрийн бүтээмжийн талаар сургалт явуулав.
  6. Хөдөлмөрийн хөлсний норм, норматив, хөдөлмөрийн бүтээмж, хөдөлмөрийн гэрээний нөхцлүүдийн тухай зөвлөгөөнүүдийг нэгтгэн гарын авлага хэвлүүлэв.
  7. 29 аж ахуйн нэгж байгууллага, 51 иргэнд хуулийн зөвлөгөө өгөв.

Гурав : Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн бодлогын хэрэгжилтийн талаар

  1. 2008-2012 онуудад олгогдсон хөнгөлөлттэй зээлүүдийн хэрэгжилтийн байдалд аймгийн аудитийн дүгнэлт гаргуулав.
  2. 2013 оны 03-р сарын 06-нд ЖДҮ эрхлэгчдэд ЖДҮ-ийн төсөл хийх талаар сургалт зохион явуулав.
  3. ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох төслийг сонгон шалгаруулах дэд комиссын бүрэлдэхүүнийг аймгийн ИТХ-ийн тэргүүлэгчдээр, дэд комиссын үйл ажиллагааны дотоод журмыг аймгийн засаг даргаар шинэчлэн батлуулж, ЖДҮ эрхлэгчдээс төсөл хүлээн авч эхэлсэн болно.
  4. ЖДҮ-ийг хөгжүүлэх сан болон хөнгөлөлттэй зээл олгох журам, төслийн шалгуур үзүүлэлтүүдийн талаар орон нутгийн радиогоор 5 удаа сурталчилж, орон нутгийн сонинд журмыг хэвлүүлэв.
  5. ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас 2013 оноос өмнө олгосон хөнгөлөлттэй зээлийн зарцуулалтыг газар дээр нь шалгав.
  6. Аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй ЖДҮ-үүдийн дэлгэрэнгүй судалгааг гаргаж, мэдээллийн нэгдсэн сан бий болгов.
  7. 2013 оны 03-р сарын 25-нд сумуудын засаг дарга , орлогч дарга нарт ЖДҮХСан, ХЭДСан, сум хөгжүүлэх сангуудын үйл ажиллагааны зарчим, холбогдох хууль тогтоомж, дүрэм зааврын талаар нэг өдрийн сургалт семинар явуулав.
  8. Аймагт ЖДҮ-ийг хөгжүүлэх бодлого боловсруулах, тэргүүлэх чиглэлийг тодорхойлох ажлын хэсгийг аймгийн ИТХ-ийн тэргүүлэгчдээр батлуулж, ажиллуулж байна.
  9. Засгийн газраас баталсан үндэсний хөтөлбөр төслүүдийн хэрэгжилтэнд хяналт шинжилгээ, үнэлгээ хийлгэж, мэдээг хүргүүлэв. 

 

ХӨДӨЛМӨРИЙН ХЭЛТСИЙН ДАРГА Н.САМАТЫН ИЛТГЭЛ

Аймгийн хөдөлмөр эрхлэлтийн тулгамдсан асуудлууд ба

шийдвэрлэх арга зам

Шинэчлэлийн Засгийн газар “Ажилтай орлоготой Монгол хүн” хөтөлбөрийг хэрэгжүүлэх үүрэг бүхий Хөдөлмөрийн яамыг шинээр эмхлэн байгуулж, улмаар аймаг, дүүргүүдэд Хөдөлмөрийн хэлтсүүдийг байгуулсан билээ. Хөдөлмөрийн хэлтсийн үйл ажиллагааны зорилго нь хөдөлмөр эрхлэлт, мэргэжлийн боловсрол сургалт , жижиг дунд үйлдвэрийг дэмжих замаар аймагт бий болох ажлын байрыг дэмжих үйлчилгээг иргэн аж ахуйн нэгж байгууллагуудад чанартай, хүртээмжтэй шуурхай үзүүлэхэд оршино.

Хөдөлмөрийн хэлтэс нь

ü    Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ, арга хэмжээг аймагт хэрэгжүүлэх, зохион байгуулах, сурталчлах, хяналт тавих.

ü  Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих талаарх Засгийн газрын, төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх, зохион байгуулах

ü  МБС-ын хууль тогтоомж, хөтөлбөр, төслийг аймагт хэрэгжүүлэх, сургууль төгсөгчдийг ажлын байраар хангах, ажил олгогч нартай хөтлөх.

ü  ЖДҮ-ийн тухай хууль тогтоомж, ЖДҮ эрхлэгчдийг дэмжих арга хэмжээний хэрэгжилтийг орон нутгийн хэмжээнд зохион байгуулах, судалгаа хийх, мэдээлийн сан бүрдүүлэх, хяналт тавих

ü  Хөдөлмөрийн харилцаа, ХАБЭА-н хууль тогоомж, хөтөлбөрийг орон нутагт хэрэгжүүлэх, аж ахуйн нэгж, байгууллага, иргэнд сурталчлах, хяналт тавих үйл ажиллагааг хэрэгжүүлж байгаа юм.

Баян-Өлгий аймгийн Хөдөлмөрийн хэлтэс нь 2013 оны эхний 5 сарын байдлаар

ü  Шинээр бий болсон ажлын байранд 520 хүнийг зуучилж,.

ü  Шинэ ажлын байр 610 бүртгэлтэй, ажилгүй 1294 хүнийг бүртгэж,

ü  Нийтийг хамарсан ажилд 710 хүнийг хамруулж, 114 сая 152 мянган төгрөгийн 26 төслийг хэрэгжүүлэв.

ü  Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрт 10 хүнийг хамруулж, 12 сая төгрөгийн санхүүжилт олгов.

ü  Хувиара хөдөлмөр эрхлэгч болон нөхөрлөл хоршоо байгуулах иргэнийг дэмжих хөтөлбөрт 10 хүнийг хамруулж, 18 сая төгрөгийн санхүүжилтийг олгоод байна.

ü  Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөрийн хүрээнд барилгын өрлөгчин мэргэжлээр 37, гагнуурчин 22, засал чимэглэлч 30, бетон арматурчин 14, сантехникч   13, ноос самнах машинист 29, нийт 145 хүн сургалтаа дүүргээд, одоо дадлага хийж байна. 2 дугаар шатны сургалтаар мужаан мэргэжлээр 18, хэв хашмалч 14, тогооч мэргэжлээр 16, нийт 48 хүн суралцаж байна.

ü  Мэргэжил олгох сургалтанд цэцэрлэгийн туслах багш мэргэжлээр 75, үсчний мэргэжлээр 30, тогоочийн мэргэжлээр 31, эксковаторчин мэргэжлээр 30, сантехнич мэргэжлээр 17, өрлөгчний мэргэжлээр 27, засал чимэглэлчийн мэргэжлээр 33, оёдолчин мэргэжлээр 19 хүн, гагнуурчин мэргэжлээр 16 хүн

ü  аж ахуй эрхлэх сургалтанд 22 хүн, нийт 278 хүн хамрагдаж, чадамжийн гэрчилгээ авсан болно.

ü  Аж ахуйн нэгж, компаниудад Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар цалин хөлс, хөдөлмөрийн бүтээмжийн талаар, ЖДҮ-ийн төслийн шалгуур үзүүлэлтүүдийн талаар, мөн сумуудын удирдлагуудад ЖДҮХС, ХЭДСан, сум хөгжүүлэх сангуудын үйл ажиллагааны зарчим, холбогдох хууль тогтоомж, дүрэм журмын талаар   сургалтууд зохион байгуулав.

ü  ЖДҮХС-гаас хөгөлөлттэй зээл олгох 168 төслийг хүлээн авч, 21 төслийг сонгон шалгаруулж 500 сая төгрөгийн санхүүжилтийг олгов.

ü  Сумуудад сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг хуваарилж, 2011, 2013 оны зээлийн ололт, эргэн төлөлт болон 2013 оны төслийн шалгаруулт, дүрэм журмын хэрэгжилтийг сумуудаар явж шалгав.

Өмнөх Засгийн үед гол төлөв халамж, тэтгэвэр, тэтгэмж амладаг байлаа. Үүнээс болж иргэд хавтгайрсан халамжийг хүртэж бэлэнчлэх сэтгэлгээтэй болж, ажил хийх тухай бодохоо байсан юм байна. Иргэд энэ халамжийн тогтолцоо, сонгуулийн амлалтаас болж хөдөлмөрлөх сонирхолгүй болсон юм байна. “Гар хөдөлбөл ам тосддог” ардын маань ухаан мартагдаж, хүмүүс өөртөө тохирсон ажил хөдөлмөр эрхлэхийн оронд болж өгвөл төрийн албанд л орохыг  эрхэмлэдэг болсныг буруутгаж болохгүй боловч зохистой хөдөлмөрийн харьцаа алдагдахад хүргэсэн байна. Хөдөлмөрийн хэлтэс нь өнөөдөр бэлэнчлэх сэтгэлгээ суусан хөдөлмөрийн насныханд ажил хөдөлмөр эрхлүүлж, ажлын байрыг нэмэгдүүлэх замаар орлогыг нь нэмэгдүүлж, амжиргаагий нь дээшлүүлэх үүрэг хүлээгээд байна. Шинэчлэлийн Засгийн газар хүүхэд, өндөр настан, сурагч, хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ халамжлах, хөдөлмөрлөх чадвартай иргэдээ ажил орлоготой нь залгуулах бодлогоо хэрэгжүүлж эхлээд байна. Бүр гадаадад гараад явсан хүн болгоныг “Баялагийг Монголдоо бүтээе, гаднаас ажиллах хүчин авахаа болъё” гэж байна.

Хөдөлмөр эрхлэх насны бүх хүн ажиллаж хөдөлмөрлөж байж Монгол улс хөгжинө. Айл өрхийн амьжиргаа дээшилнэ

Нэг юмыг зориуд тэмдэглэн хэлэхэд, диплом нь тухайн хүний мэдлэг, ур чадвар,чадамжийг илэрхийлж чадахгүй байна. Дээд сургуулийн дипломтой, бакалавр, магистр мөртлөө манаач хийе гэж явж байна. Мэргэжил эзэмшсэн мөртлөө мэргэжлээрээ ажиллаж чадахгүй, өөр ажил хайгаад явж байна.  Хүн болгон өөрийн чаддаг юмаа хийж, амьдралаа залгуулах цаг болжээ. Тиймээс Хөдөлмөрийн хэлтэс соён гэгээрүүлэх ажилд анхаарлаа хандуулах хэрэгтэй юм байна гэдэг шийдэлд хүрээд байна.

Хөдөлмөрийн яамнаас хэрэгжүүлж буй “Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөр” чухам энэ зорилтийг л хэрэгжүүлж байгаа юм. Хуучин хяналтын тоогоор мэргэжилтэн бэлтгэдэг тогтолцооноос татгалзаж, хүн болгоны өөрийнх нь сонирхлыг судалсны үндсэн дээр суралцагсдыг ажил олгогчидтой холбож өгч, сургуулиа төгсөхөд шууд ажилтай болдог жишгийг хэвшүүлж эхлээд байна.

“Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх “ хөтөлбөрийн хүрээнд явуулж байгаа сургалтууд онолын хичээлийг дадлагатай нь холбож, сургалтын бүх шатанд санхүүжүүлсээр тухайн хүнийг ажилтай болгох зорилготой юм.

Хуучин онолдсоор байгаад диплом аваад ч ажилгүй хоцордог байсан бол одоо сургалтын 30 хувийг онол, 70 хувийг дадлаганд зарцуулаад, суралцагсад тэтгэлэгтэй, нийгмийн даатгалын шимтгэлээ төлсөн, ажил олгогчид нь урамшуулал хүртэж, дадлагыг өөрийн компани дээрээ хамт олон дотроо хийлгэж, ажилгүй хүнийг нийгэмшүүлж, хамт олныхоо нэг гишүүнээрээ элсүүлэн авч ажилтай болгож байна.

Үүнийг суралцагч, ажил олгогч хоёрын аль алинынх нь хувьд хариуцлага өндөр боловч эрсдэл багатай, хамгийн зөв шийдэл болсныг амьдрал харуулж байна.    Өнөөдөр Монгол улсын хувьд бүтээн байгуулалт ид өрнөж байна. Ажлын талбар, ажлын байрны захиалга маш их байна. Ажил олгогчдын захиалга, эрэлт хэрэгцээнд нийцдэггүй олон хүнийг сургаж , зөвхөн мэргэжил олгоод л орхидог байсан нь эргээд хөдөлмөрийн зах зээлийн тэнцвэрт байдлыг алдагдуулдаг явдлыг зохицуулах шаардлага тулгарч байна. Жишээлбэл, аймгийн МСҮТ-ийн 2012-2013 оны өвлийн төгсөлтөөр 11 мэргэжлээр нийт 256 суралцагч төгссөн боловч дөнгөж 70 нь ажилтай, 184 нь одоо хүртэл ажилгүй байна.

Хөдөлмөрийн сайдын 2013 онд аймгийн Засаг даргатай байгуулсан хамтран ажиллах гэрээнд дараахь төсөл хөтөлбөр, арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг заасан байна. Үүнд:

  • “Ажилтай орлоготой Монгол хүн” хөтөлбөрийн хүрээнд шинэ ажлын байр бий болгох 8 хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.
  • Төр, хувийн хэвшлийн түншлэл болон иргэдийн санал санаачлагад тулгуурлан аймгийн төсвөөс тодорхой хөрөнгө гаргаж ажлын байр шинээр бий болгож, иргэдийн орлогыг нэмэгдүүлнэ.
  • “Эзэнтэй Монгол” хөтөлбөр хэрэгжүүлэх замаар ногоон ажлын байрыг дэмжиж, бага орлоготой иргэдийн орлогыг нэмэгдүүлнэ.
  • “40-өөс дээш насны иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” хөтөлбөр хэрэгжүүлэх замаар 40-өөс дээш болон ахмад насны мэргэжлийн өндөр ур чадвартай, дадлага туршлагатай иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжинэ.
  • “Ажил олгогчийг дэмжих” хөтөлбөр хэрэгжүүлж, ажил олоход хүндрэлтэй иргэдийг байнгын ажлын байртай болгож, ажил олгогч нарт бодитой дэмжлэг үзүүлнэ.
  • “Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” хөтөлбөр хэрэгжүүлж, бага орлоготой залуу малчдыг мал маллагаанд сургаж, малжуулна, малчин ажил олгогчид зээл, санхүүгийн дэмжлэг үзүүлж, малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжинэ.
  • Хувиараа хөдөлмөр эрхлэгч болон нөхөрлөл, хоршоо байгуулах иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” хөтөлбөр хэрэгжүүлж, хувиараа болон нөхөрлөл хоршооны хэлбэрээр өөрөө өөртөө ажлын байр бий болгох иргэдэд бизнес инкубацийн үйлчилгээ, санхүүгийн дэмжлэг үзүүлнэ.
  • “Хөдөлмөрт бэлтгэх хөтөлбөр” хэрэгжүүлж, ажил олоход хүндрэлтэй иргэд, сургууль завсардсан, хөдөлмөрийн насанд хүрсэн хүүхдийг хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөх чадвартай болгох үйлчилгээ, арга хэмжээнд хамруулна.
  • “Хөдөлмөр эрхлэлтийн сургалтын хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж, мэргэжилгүй болон мэргэжлийн ур чадвар доогуур иргэдийг сургалтанд хамруулж, ажлын байранд зуучилна.
  • “Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” хөтөлбөр хэрэгжүүлж, хөдөлмөр эрхлэх хөгжлийн бэрхшээлтэй иргэнд санхүүгийн дэмжлэг олгох замаар хөдөлмөр эрхлүүлнэ.
  • ХЭДСангаас малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч, нөхөрлөл хоршоо байгуулах иргэнд ажлын байр бий болгох зориулалтаар банкаар дамжуулан жижиг зээл олгоно.

Иргэдэд хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээг хүртээмжтэй, чанартай хүргэх үйл ажиллагааны хүрээнд:

-иргэдэд хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээг хүртээмжтэй, чанартай хүргэн, үйчилгээний нэр төрлийг нэмэгдүүлж, ажил хайгчдыг ажилд зуучилна.

  • Хөдөлмөрийн төв биржийн сүлжээ, хувийн зуучлалын сүлжээгээр дамжуулан ажилд зуучилна
  • Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааг олон нийтэд сурталчилна.

Хөдөлмөрийн сайдын аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээний биелэлтийг дүгнэхдээ

  • Аймгийн хэмжээнд зохион байгуулж,хэрэгжүүлсэн хөтөлбөр, арга хэмжээ, ажил үйлчилгээний үйл ажиллагааг ажлын тоо, төрөл, хэмжээ, уг арга хэмжээнд хамрагдсан хүний тоо, ажлын байрны тоог,
  • Ажилд оролцсон иргэдийн орлогын хэмжээ нэмэгдсэн, байнгын ажлын байр бий болсон эсэхийг, тухайн арга хэмжээг хэрэгжүүлсэн хугацааг, зарцуулсан хөрөнгийг тус тус харгалзан тооцохоор заасан байгаа.
  • Мөн гэрээнд 2013 онд манай аймагт 1200 ажлын байрыг шинээр бий болгох зорилтыг тусгасан билээ. 2013 оны эхний 5 сар, Хөдөлмөрийн хэлтэс байгуулагдсанаас хойшхи 4 сарын хугацаанд 520 хүнийг ажилд зуучилсан нь  төлөвлөгөө биелэгдээд явж байгаа мэт харагдавч төрийн албан томилогдсон, төсвийн байгууллагад ажилд орсон хүмүүсийн талаархи мэдээг холбогдох байгууллагууд ирүүлэхгүй байгаагаас гэрээнд заасан бусад 322 хүнийг ажилтай болгох гэсэн зорилт хэрхэн биелэгдэж байгаа нь бүрхэгдүү байгаа юм.
  • Аймаг, сумын Засаг дарга нарын хүлээх үүрэг бол тогтвортой ажлын байр бий болгох асуудал юм. ЖДҮХС, ХЭДС, СХС гээд ажлын байр бий болгох бүх санхүүжилт, хөрөнгө аймаг, сумын Засаг даргын мэдэлд очсон байгаа. Энэ сангуудаар дамжуулж гэрээний дагуу бүтээгдэхүүн нийлүүлэх ёстой. Энэ бүтээгдэхүүн нь ажлын байр л байх ёстой.

Гэрээний хэрэгжилтийг хагас жил болгон дүгнэх ба завсарт нь хяналт- шинжилгээ, үнэлгээ хийгээд явна. Хагас жилийн дүнгээр дараагийн хагас жилийн , бүтэн жилийн дүнгээр дараа жилийн санхүүжилт олгогдож явах тул сангуудын зарцуулалт, үр дүн, үр ашиг нь арай бодитой болно. Хөдөлмөрийн сайдын багцаас хэрэгжиж байгаа сангуудын ашиглалт, зарцуулалт, хууль журмын хэрэгжилтэнд Хөдөлмөрийн хэлтсээс байнгын хяналтыг тавьж ажиллах үүрэг хүлээж байгаа юм. Аймаг, сумдын Засаг дарга, албан тушаалтны ажил, эцсийн дүндээ хэдэн хүнийг ажилтай, орлоготой болгов гэдгээр үнэлэгдэнэ.

Хэдэн хүнд хэдийг тараасан нь биш, хэдэн хүн ажилтай болж, амьдралаа залгуулж эхлэв гэдэг нь л гол байгаа юм. Засгийн газар, аймгийн Засаг дарга болон сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн дийлэнх хувь нь иргэдээ ажилтай орлоготой болгох зорилтыг агуулж байгаа тул тус хэлтсээс сумдын Засаг даргын орлогч нартай  хөдөлмөр эрхлэлтийн асуудлаар хамтран ажиллаж байгаа. Яваандаа сумуудад ч гэсэн хөдөлмөрийн асуудлын орон тооны төлөөлөл ажиллах шаардлагатай байгааг хаа хаана ойлгож байгаа ч аймаг, сумын удирдлагаас хөдөлмөр эрхлэлтийн асуудлаар манай хэлтсийн ажлыг ойлгон хүлээн авч, дэмжин ажиллаж байгаад нь талархаж байна. МУ-ын ерөнхий сайд ч гэсэн аймгийн Засаг дарга нартай гэрээ байгуулах үеэр аймгийн засаг дарга нарын ажлыг дүгнэхдээ аймагтаа ажлын байр бий болгосон байдлыг урьтал болгоно гэсэн байр сууриа ил тод илэрхийлсэн билээ. Хөдөлмөрийн хэлтсийн ч нэн тэргүүнд баримтлах бодлого ийм байгаа.

Жижиг дунд үйлдвэрийг дэмжих чиглэлээр олгосон хөрөнгийн зарцуулалт, зээлийн ашиглалтад дүн шинжилгээ хийж үзэхэд зөвхөн 2009 онд нийт 11 тэрбум төгрөгийн зээл олгохыг хүссэн 224 иргэн аж ахуйн нэгжээс төсөл хүлээн авснаас 124 төслийг хамруулж 6 аж ахуйн нэгж 118 иргэнд 2-оос 50 сая төгрөгийн хооронд нийт 763 сая төгрөгийн зээл олгогджээ

2010 онд 115 иргэн аж ахуйн нэгжид 648,5 төгрөг, 2011 онд 5 аж ахуйн нэгж, 88 иргэнд 1899,8 сая төгрөгийн зээлийг тус тус олгосон байна. Жижиг дунд үйлдвэр хөгжүүлэх сангийн хөрөнгийг мал аж ахуй, газар тариалангийн чиглэлээр түлхүү олгосон нь бодлогын гэхээсээ илүүтэйгээр үзэмжийн асуудал байсан бололтой.Учир нь фермерийн аж ахуй эрхлэхээр 20- 30 сая төгрөгийн хэмжээний төслүүдэд 3-аас 5 саяар нь олон иргэнд хавтгайд нь тараасан нь фермерийн аж ахуйг дэмжих биш , нэг үнээний үнээр санхүүжүүлж малжуулах зорилго агуулсан гэлтэй. Хэвлэх үйлдвэрийн нилээн хэдэн төслийг санхүүжүүлсэн боловч манай аймагт одоо хүртэл нэг ч хэвлэх үйлдвэр байхгүй байна.

Тухайн онуудад комиссос дэмжигдсэн нийт төслүүдийн 72 хувьд нь 10 саяаас доош төгрөгийн зээл олгосон нь ЖДҮ-ийг байгуулж , үйл ажиллагааг нь бүрэн хэмжээнд явуулахад хүрэлцэхгүй байсан нь тодорхой харагдаж байна.

Жишээлбэл, фермерийн аж ахуй эрхлэхээр 77 сая төгрөгийн төсөл оруулсан байхад 10 хан сая төгрөг хуваариласан байх жишээтэй. Цаасны үйлдвэр байгуулахаар 176 сая төгрөгийн төсөл оруулсан боловч хуваарилагдсан хөрөнгө нь 50 сая төгрөг байна. Харин тэр 50 сая төгрөг нь автозасварын газар болж хувирсан байна. Үүнд хяналт тавьж биелэлтийг нь нэхэж байсан нь бас л харагдахгүй байна. 50 саяын төслийг 5 саяар санхүүжүүлэхээр ямар үйлдвэр босох нь ойлгомжтой. Ингэж үйлдвэр босохгүй нь бүр ойлгомжтой.

Энэ бүх байдлаас болж ЖДҮ-ийн төсөл нь үйлдвэр үйлчилгээний бодит хэрэгжилтийг хангадаг төсөл буюу ажил үйлчилгээний төлөвлөгөө биш, төсөл нэрээр хөнгөлттэй зээл авдаг өрийн бичгэрхүү цаас болгосон байна.

Төслийн шалгуур үзүүлтүүдийг баримтлалгүй олон иргэн, аж ахуйн нэгжийн төслийг хэт жижиглэн хувааж, хавтгайруулан дутуу санхүүжилт хийсэн нь ЖДҮ-ийн санхүүжилтйн үр ашгийг доройтуулж, олон төсөл хэрэгжиж чадалгүй цаасан дээр үлдэхэд хүргэсэн байна.

2009, 2010, 2011 онуудад ЖДҮХС-гаас 292 иргэн аж ахуйн нэгжид нийтдээ 3,3 тэрбум төгрөгийн хөнгөлттэй зээл тараасан нь орон нутгийн хөгжилд хир хувь нэмрээ оруулж, ард иргэдийн амьжиргаанд өгөөжөө яаж өгсөнийг өнөөдөр тодорхой хэлэх боломж алга байна. Мэдээж, эдгээрээс зохих хувь нь аймгийн хөгжилд хувь нэмрээ оруулж байгааг хэлэх нь зүйтэй. Тухайлбал, тосгоны жижиг үйлдвэрүүд, мужаны цехүүд, талх нарийн боовны цэгүүд хөл дээрээ босож үйл ажиллагаа нь зүгширсэн байна. Гэтэл бид одоо хүртэл хүнсний зүйлээ урьдаас хойноос зөөсөөр, найруулсан хуурай сүүг сүү гэж хэрэглэсээр байна. Аймгийн сүүний хэрэгцээг фермерүүд биш захын хэдэн эмгэн хангаж байна.

Бид эдгээр баримтуудад дүн шинжилгээ хийхдээ өмнөх жилүүдэд ЖДҮХС-гаас зээлийг хэрхэн олгож байсан байдалд дүгнэлт хийж, ЖДҮ-г дэмжих бодлогоо тодотгож, зөв тодорхойлох, шинэчлэлийн засгийн газрын бодлого болон аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөр, орон нутгийн хөгжлийн хэтийн төлөв, хэрэгцээ шаардлагатай уялдуулан, хууль журам, хөтөлбөр чиглэлд нийцүүлэх хэрэгжүүлэх зарчмыг баримталсан болно.Ямар ч нөхцөлд ЖДҮХ сангийн хөрөнгө аймаг, сумын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулахуйц үйлдвэр, үйлчилгээ, ЖДҮ-ийн төслүүдийг дэмжихэд зарцуулагдах учиртай билээ.

Иймээс хөдөлмөрийн хэлтсээс аймгийн хэмжээний ЖДҮ-үүдийн дэлгэрэнгүй судалгааг хийж дуусгаад байна. Энэ судалгааны үр дүнд бид аль сумд ямар ямар чиглэлийн ЖДҮ-ийн хэрэгцээ, шаардлага байгааг тодорхойлно. Мөн ЖДҮ-ийг дэмжих бодлогыг Засгийн газар, аймгийн  болон сумдын Засаг дарга нарын үйл ажиллагааны хөтөлбөртэй нягт уялдуулан хэрэгжүүлэх бодлогыг баримтлах болно.

Төсөл бол зээл авах хэрэгсэл биш. Төсөл бол үйлдвэр хөгжүүлэх эдийн засгийн үндэслэлтэй, бодитой боловсруулагдсан үйлдвэр үйлчилгээний мастер төлөвлөгөө гэдгийг ойлгох цаг болжээ.Ингэсэн цагт орон нутагт ЖДҮ-ийг хөгжүүлэх замаар ажлын байр бий болгох, улмаар ард иргэдийн орлогыг нэмэгдүүлж, ядуурлыг буруулах зорилт бодит биеллээ олно гэж үзэж байна.

Сумуудад 2012, 2013 оны эх үүсвэрээс сум хөгжүүлэх сангуудад нийт 2,3 тэрбум төгрөгийг 2 удаа олгосон ба 5-р сард тус хэлтсээс СХС-ийн хөрөнгийн хуваарилалт, сонгон шалгаруулах явц болон дүрэм журмын хэрэгжилтэнд хяналт шалгалт хийсэн билээ. Шалгалтын дүнд төсөл сонгон шалгаруулах зөвлөл болон хяналтын ажлын хэсгийг журмын дагуу байгуулаагүй, иргэдийн төлөөллийг оролцуулаагүй, нягтлан бодох бүртгэлийг хууль журмын дагуу хөтлөөгүй, СХС-гийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, хяналт тавих журмын 1-р зүйлийн 1-5-д “Сангийн хөрөнгө нь сумдад ЖДҮ шинээр байгуулах буюу үйл ажиллагааг нь өргөтгөх, сэргээх болон шинээр ажлын байр бий болгох, ЖДҮ эрхлэгчдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилгоор хөнгөлөлттэй зээл олгоход зориулагдана” гэж заасан байтал хавтгайруулж 500,000, 1-2 саяар нь жижиглэн зориулалт бусаар тараасан зэрэг зөрчлүүд түгээмэл байна. Цаашдаа Хөдөлмөрийн хэлтэс СХС-аас олгосон зээл болгоноос ажлаа эхэлсэн ЖДҮ, бий болсон ажлын байрыг нэхэх болно гэдгийг анхааруулж байна.

Хөдөлмөрийн сайдын аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээнд 2013 онд СХС-гаас олгосон 2.3 тэрбум төгрөгийн зээлийн эх үүсвэрээр шинээр 384 ажлын байр бий болгохоор заасан юм. Өөрөөр хэлбэл, хамгийн багаар нэг сумд энэ жил 120 саяыг хуваарилсан ба тус суманд 20 ажлын шинэ байр бий болох ёстой.

СХС-гийн хөрөнгөөр сумын удирдлагууд иргэдийнхээ хяналтын дор жижиг дунд үйлдвэрийн зээл олгох замаар ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр Хөдөлмөрийн хэлтэстэй хамтран зохион байгуулах ёстой юм. СХС-гийн зээлийг зохих журмын дагуу сонгон шалгаруулж зөв гольдролд оруулах эрмэлзэлтэй, сайн зохион байгуулсан сумууд ч байгааг хэлэх нь зүйтэй.

Сумандаа ЖДҮ-ийг байгуулах, хөгжүүлэх, СХС-гийн зээлийг ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгод зөв зарцуулж, үр ашигтай хэрэгжүүлэх талаар санаа тавихгүй байгаа Засаг дарга нар уг нь СХСан нь мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх гол хэрэгсэл гэдгийг ухамсарлах, асуудалд арай бодлоготой хандах хэрэгтэй байна. Ялангуяа СХС-гийн зээлийн хамрах хүрээ хүртээмжийг нэмэгдүүлэх талаар бодолцох нь зүйтэй. Хоёрхон сая төгрөгийг нэг хүнд 3 жилээр өгсөнөөс З жилд 3 хүнд хүртээж болмоор. Ойролцоо сумууд хоорондоо ярьж байгаад түүхий эдийн нөөц, үйлдвэрийн хэрэгцээгээ харгалзан нэг нэг үйлдвэртэй, өөрийн гэсэн брендтэй болох боломж нээлттэй байна.

Эцэст нь, та бүхнийг Монгол улсын Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хуулинд   заасан “Ажил олгогч нь ажиллах хүч болон ажлын байрны холбогдолтой мэдээллийг аймгийн Хөдөлмөрийн хэлтэст , Хөдөлмөрийн биржэд гарган өгөх, эсхүл түүний бүртгэл мэдээллийн сүлжээнд бүртгүүлж, мэдээллээ байршуулах, мэдээлэлд оруулж байгаа өөрчлөлтийг тухай бүрд нь, нийт ажлын байрныхаа талаари мэдээллийг оны эхэнд нь нэг удаа, шинээр бий болсон болон байхгүй болсон ажлын байрны талаарх мэдээллийг улирал тутам, сул чөлөөтэй ажлын байрны талаарх мэдээллийг тухай бүрт нь аймгийн Хөдөлмөрийн хэлтэс, Сумын хөдөлмөр эрхлэлтийн ажилтан, Хөдөлмөрийн биржэд гаргаж өгнө” гэсэн заалтыг хатуу мөрдөж ажиллахыг хичээнгүйлэн хүсэж байна.

Анхаарал тавьсанд баярлалаа.

 

Нийгмийн ажилтнууд мэдлэгээ дээшлүүлэв

PDFХэвлэхИ-мэйл

Нийтэлсэн: sumadmin 2017 - 6-р сарын 09, Баасан гариг, 03:02

Аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар ШУТИС-ийн Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуультай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Энэ талаар тус газрын Халамжийн хэлтсийн дарга Х.Бауыржан мэдээлэв.
Нийгмийн халамжийн тухай хуульд нийгмийн ажилтнуудад тухайн чиглэлээр мэргэшүүлэх сургалтад хамрагдсан, ажил үйлчилгээ явуулах эрх авсан байх шаардлага тавьдаг аж. Ард иргэдтэй хамгийн ойр байж,  өдөр тутам нүүр тулж ажиллаж, зорилтод бүлгүүдэд халамжийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх үүрэг хүлээдэг нийгмийн ажилтнуудын мэдлэг чадварыг  дээшлүүлэх, мэргэшүүлэх зорилгоор дээрх санамж бичгийг байгуулсан байна.
Санамж бичгийн хүрээнд ШУТИС тус аймгийн нийгмийн ажилтнуудад бага зардлаар 20 цагийн мэргэшүүлэх сургалт зохион байгуулах бөгөөд энэ сарын 6-наас 7-ны өдөр аймгийн төв болон хөдөөгийн сумдын 27 ажилтныг эхний удаа сургалтад хамруулж сертификат олгожээ. Хамтран ажиллах санамж бичиг 2020 он хүртэл хүчин төгөлдөр үйaчилнэ.

 

Сурагчид Олон улсын урлагийн наадмаас гран-при шагнал хүртжээ

PDFХэвлэхИ-мэйл

Нийтэлсэн: sumadmin 2017 - 6-р сарын 07, Лхагва гариг, 03:00

Зураг

Тус аймгийн ерөнхий боловсролын "Дарын" цогцолбор сургуулийн сурагчид  саяхан БН Казахстан улсын Караганды хотод зохион байгуулагдсан уламжлалт "Тулга" Олон улсын IV урлагийн наадамд аймгаа төлөөлөн амжилттай оролцоод иржээ.

Эстрадын болон үндэсний дуу, бүжиг, ардын хөгжим, тайзны урлаг, уран уншлага зэрэг урлагийн 11 номинацийн дагуу зохион байгуулагдсан тус наадамд Монгол Улсын Баян-Өлгий аймаг болон БН Казахстан улсын 14 мужаас нийтдээ 600 орчим хүүхэд оролцож авьяас чадвараа сорин өрсөлдсөн байна. Дөрвөн өдөр үргэлжилсэн тэмцээний дүнгээр уран уншлагын төрлөөр 10 дугаар ангийн сурагч Е.Халима, эстрадын дууны төрлөөр 11 дүгээр ангийн сурагч А.Нурбол нар гран-при шагнал хүртэж, эх орныхоо нэрийг өндөрт өргөсөн бол охидын "Томирис" хамтлаг 1 дүгээр байранд,  аймгийн Хөгжимт Драмын Театрын дуучин С.Лайла "Шилдэг багш"-аар тус тус шалгарчээ.

Тэмцээнийг Төв Казахстан академийн "Лингва" шинжлэх ухаан, боловсролын төв болон "Тулга.КZ" нийгэмлэг хамтран зохион байгуулсан бөгөөд Баян-Өлгий аймгийн хүүхдүүд ийнхүү гурав дахь жилдээ амжилттай оролцлоо гэж "Дарын" цогцолбор сургуулийн багш З.Бахытбек мэдээллээ. 

 

Баян-Өлгийд орос хэлний төвийн салбар нээнэ

PDFХэвлэхИ-мэйл

Нийтэлсэн: sumadmin 2017 - 6-р сарын 04, Ням гариг, 02:57

Зураг

Тус аймагт Оросын Шинжлэх ухаан, соёлын төвийн дэргэдэх Орос хэлний төвийн салбарыг нээх тухай гурван талт гэрээнд 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Россотрудничество агентлагийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын тэргүүн Евгений Михайлов,  Баян-Өлгий аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын дарга Х.Зауре, “Найз нөхдийн ертөнц” орос хэлний төвийн захирал Х.Жулдыз нар Улаанбаатар хотод үсэг зурлаа.

Орос хэлний төвийн салбар нь аймгийн Боловсрол, соёл урлагийн газрыг түшиглэн үйл ажиллагаагаа явуулах бөгөөд хамтран ажиллах гэрээнд ард иргэдийн эрэлт хэрэгцээг харгалзан орос хэлний тодорхой хөтөлбөрүүдийн дагуу хичээл заах, мэдээлэл солилцох, арга зүйн зөвлөгөө өгөх, ерөнхий боловсролын сургуулиудыг төгсөгчдийн орос хэлний мэдлэгийг дээшлүүлэх замаар ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр тус улсад суралцуулахад дэмжлэг үзүүлэх, бүс нутагт орос хэл, оросын соёлыг түгээн дэлгэрүүлж хөгжүүлэх зэрэг  асуудлууд  тусгагджээ.
Гарын үсэг зурах ёслолын ажиллагааны үеэр Оросын Шинжлэх ухаан, соёлын төвийн зүгээс аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын дарга Х.Зауред орос хэлний дамжааны сургалтын хөтөлбөр, сурах бичиг, уран зохиолын ном, оросын яруу найраг, үргэлжилсэн үгийн сонгодог зохиолчдын хөрөг, анги танхимыг чимэглэх бусад хэрэгцээт материалуудыг хүлээлгэж өгсөн байна.  

ОШУСТ-ийн дэргэдэх Орос хэлний төв нь Дархан, Эрдэнэт хот, Завхан, Хөвсгөл, Увс, Ховд аймгуудад

салбартай бөгөөд 7 дахь салбар нь ийнхүү Баян-Өлгий аймагт нээгдэж байна. Тус салбар нь холбогдох бэлтгэлээ хангаж, удахгүй үйл ажиллагаагаа эхлэх юм байна.
 
 

Айл өрхүүдэд хүнсний тусламж үзүүллээ

PDFХэвлэхИ-мэйл

Нийтэлсэн: sumadmin 2017 - 6-р сарын 03, Бямба гариг, 02:55

Тавдугаар сарын 26-наас эхэлсэн ислам шашинтнуудын «Ариун Рамадан сар»-ыг тохиолдуулан Кувейт улсын «Олон улсын исламын энэрлийн сан»-гаас тус аймгийн 273 өрхөд тус бүр 80,000 төгрөгийн үнэ бүхий хүнсний тусламж үзүүллээ гэж Монголын Ислам Шашинтны Мүфтият Холбооноос мэдээллээ.
Энэ нь Монгол дахь Кувейт улсын Элчин Сайдын Яамны дэмжлэгээр зохион байгуулагдаж буй 2 дахь хүнсний тусламжийн арга хэмжээ ба 5 дугаар сарын эхэнд мөн 437 өрхөд гурил, будаа, хүнсний бусад бүтээгдэхүүн олгосон юм.
Рамадан нь ислам он тооллын 9 дэх сар бөгөөд хvн төрөлхтний гар дээр Коран судрыг анхлан тавьсан үед тооцогддог. Ислам шашинтнууд нь Рамадан сарын туршид өглөө эртлэн босож, «саре» хэмээх өглөөний зоогоо идээд, тухайн өдрийн наран жаргатал ганц балга ус ч уулгvй мацаг барьдаг заншилтай. Энэхүү заншлыг нь «Ораза» гэж нэрлэдэг. Энэ өдрүүдэд залбирал, уншлагаар оюунаа ундаалах нь махан биеэ тэжээж, юм идэхээс илүү үр ашигтайд тооцогддог байна.
Мөн хүн бүр дор бүрнээ сайн үйлс хийж, буяны замыг мөрдлөг болгох нь энэ сарын хамгийн гол заншил юм

 

Хүүхдийн баярыг автомашингүй тэмдэглэж байна

PDFХэвлэхИ-мэйл

Нийтэлсэн: sumadmin 2017 - 6-р сарын 03, Бямба гариг, 02:38

Зураг

Хүүхэд багачууд, эцэг-эхчүүдэд таатай нөхцөл бүрдүүлэх, болзошгүй эрсдэл, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Цагдаагийн газраас аймгийн төвийн гол замуудын хөдөлгөөнийг хааж, “Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг автомашингүй тэмдэглэж байгаагаар энэ жилийн хүүхдийн баяр онцлогтой болж байна.

Өнөөдөр тус аймагт 41 мянган хүүхэд баяраа тэмдэглэж байгаа бөгөөд 26 мянга орчим хүүхэд ерөнхий боловсролын сургуульд суралцаж, 6700 хүүхэд цэцэрлэгт хүмүүжиж байгааг “Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-т зориулан Хүүхэд, залуучуудын паркад зохион байгуулсан баярын арга хэмжээний нээлтийн ажиллагааны үеэр аймгийн Засаг дарга А.Гылымхан онцоллоо.
Аймгийн ЗДТГ, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газаас энэ жилийн “Хүүхдийн баяр”-ыг “Би гэр бүлдээ жаргалтай” уриан доор тэмдэглэж байгаа бөгөөд холбогдох байгууллагуудтай хамтран даам, шатар, хөл бөмбөг, гар бөмбөг, тогыз кумалахын тэмцээн, захидлын уралдаан зэрэг арга хэмжээнүүдийг давхар зохион байгууллаа.

Мөн олон хүүхэд төрүүлэн өсгөж, эх орныхоо хөгжил, цэцэглэлтэд оруулсан жинтэй хувь нэмрийнхээ төлөө Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Алдарт эх”-ийн І, ІІÂ одонгоор шагнуулсан 462 эхийн шагналыг аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан, Засаг дарга А.Гылымхан нар баярын нээлтийн арга хэмжээний үеэр гардуулж өглөө.
Баярын арга хэмжээ авьяастай хүүхдүүдийн урлагийн тоглолтоор үргэлжилнэ.

 
 

Хуудас 111-с 1

Design, Development CMS - http://www.joomvision.com

Санал асуулга

Та аймгийнхаа мэдээллийг аль сувгаар илүү авч байна вэ?