Developed by JoomVision.com

Чөлөөт бүсээ хөгжлийн хөшүүрэг болгоё

PDFХэвлэхИ-мэйл

choloot busМонголын баруун хил дээр байрлах, Улаанбаатар хотоос 1800 километрийн алсад орших Цагааннуурыг Ази-Европыг холбосон худалдааны чөлөөт бүс болгох шийдвэр 2002 онд гарсан. Товчхондоо бол Монгол улс эдийн засгийн болоод худалдааны чөлөөт бүстэй болохоор 1996 оноос эхлэн ярьсан бөгөөд 2002 онд УИХ-аар Чөлөөт бүсийн тухай хуулийг баталсан юм.

Цагааннуур тосгонд хуучин тогтолцооны үед баруун 5 аймгийг ЗХУ-ын импортын бүх төрлийн бараагаар хангаж тэдгээр аймгаас бэлтгэх мал болон малын гаралтай түүхий эдийг гадаадад экспортлох үүрэг бүхий дамжлага бааз байсан нь, ОХУ-тай хил залгаа оршдог нь гуравдагч зах зээлд чөлөөтэй гарц гэдгээрээ Цагааннуурт худалдааны бүс байгуулах нэг шалгуур үндэслэл болсон байна.

Олон нөхцөл шалтгааны улмаас үйл ажиллагаа нь зогсонги байсан энэхүү чөлөөт бүс өнгөрсөн оны 10-р сард Захирагчтай болж, Захирагчийн ажлын алба орон нутагт шилжин суурьшсанаар үйл ажиллагаагаа газар дээр нь эхлүүлэх нөхцөл бүрдсэн байна. Энэ талаар тус чөлөөт бүсийн мэдээлэл, сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн Х.Жанболаттай ярилцсан юм.

Сур: Чөлөөт бүс гэдгийнхээ учир утгыг иргэд сайн ойлгохгүй байна гэх юм.

Төрийн захиргааны байгууллага, жирийн ард иргэдтэй уулзахад янз бүрээр ойлгодог юм билээ. Чөлөөт бүс гэдэг нь нэгэн улсын улстөрийн хил дотор орших боловч гаалийн хилд ордоггүй нутаг дэвсгэр юм. Өөрөөр тайлбарлавал, чөлөөт бүс нь тус улсын үндсэн хуулиар заасан нутаг дэвсгэрт хамаарах боловч, тухайн улсын нутаг дэвсгэрт үйлчилж буй худалдаа, эдийн засаг болон санхүүгийн хууль тогтоолууд нь чөлөөт бүсэд хамааралгүй болно.

Эдүгээ дэлхий дахинаа 135 гаруй оронд ажиллаж буй 3000 гаруй чөлөөт бүс нь 63 сая хүнийг ажлын байраар хангаж 500 тэрбумм долларын бараа эргэлт гүйцэтгэж байгаа бөгөөд худалдааны чөлөөт бүс, эдийн засгийн тусгай бүс, үйлдвэрлэлийн парк, шинжлэх ухаан технологийн бүс гэсэн үндсэн төрлүүдээр үйл ажиллагаа явуулж байна.

Их хэмжээний хөрөнгө оруулалт хийгдсэнээс хойш нэлээд хугацааны дараа үр дүн нь мэдрэгддэг утгаараа ЧБ-ийн төсөл онцлог юм.

Сур: Чөлөөт бүс гэж ярьсаар багагүй хугацаа өнгөрлөө. Чөлөөт бүс хөгжүүлэхэд зарцуулагдах төсөв хөрөнгө хангалтгүй байна уу. Эсвэл хууль эрх зүйн орчин хангалтгүй байна уу. Үйл ажиллагаа нь нэг л жигдрэхгүй байх шиг?

“Цагааннуур” чөлөөт бүсийн талаар яриад чамгүй олон жил өнгөрчээ.   Тэнд хашаанаас өөр зүйл босоогүй талаар хүмүүс ярьдаг.  Гэхдээ бид өмнө нь хийсэн ажлуудыг үгүйсгэж огт болохгүй юм. Одоогоор 1.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулал­таар бүсийн талбайн байрзүйн зураглал /1:1000/ масштабтай, албан хэрэгцээнд хоёр айлын орон сууц, 10 машины гараж, конторын 8 өрөө байр худалдаж авах, чөлөөт бүсийн талбайд инженер геологийн судлагаа, цахилгаан дамжуулах шугам, бүсийг хөгжүүлэх мастер төлөвлөгөө, ерөнхий төлөвлөгөө,байгаль орчны нарийв­чилсан үнэлгээ, хөрсний инженер-геологийн судалгаа, хашаа хам­гаа­лалт, услалтын систем бүхий ногоон байгууламж барьж байгуулах, чөлөөт бүсийн хашаан дотор усан сан бүхий инженерийн хийцтэй гүн өрмийн худаг гаргах, бүсийн хил гаалийн шалган нэвтрүүлэх цогцолбор, худалдаа-тээвэр логистикийн талбай, байр байгууламжуудын зураг төсөл боловсруулах ажлууд хийгдсэн. Дээрхи ажлууд тус бүсийн үйл ажиллагааг хөгжүүлэх угтвар нөхцөл болж байна. Мэдээжийн хэрэг төрөөс хийх ёстой ажил бол дэд бүтэц.

-Чөлөөт бүсийн тухай хууль 2002 онд батлагдсан. Үүнээс жилийн дараа “Цагааннуур” худалдааны чөлөөт бүсийн эрх зүйн байдлын тухай хууль зэрэг хууль хэрэгжээд явж байна.

Эрх зүйн байдлын тухай хуулиудад чөлөөт бүсийн хэлбэрийг хатуу тогтоосон, чөлөөт бүсийн үйл ажиллагааны тусгай дэглэмийн зохицуулалт бүрхэг, дэд бүтцийн хөрөнгө оруулалт зөвхөн улсын төсөвт найдаж ирсэн.

Хөрөнгө оруулалтын хувьд зогссоныг нуугаад байх зүйлгүй. Бодлогыг зангидах асуудал нэг яамны мэдэлд буюу бүр зөвхөн нэг хэлтэс, газарт хамаарч байсан учраас Чөлөөт бүсэд анхаарал сул байсан.

Эцсийн дүндээ Чөлөөт бүсийн амжилт нь тогтвортой, тодорхой хууль тогтоомж, зохицуулалт, бүтцийн орчин бүрдсэн эсэхээс шалтгаалдаг. Дэлхийн амжилттай хөгжсөн чөлөөт бүсүүдийн туршлагаас харахад чөлөөт бүс нь  улсын болон хувийн салбартай хосолсон байдаг бөгөөд чөлөөт бүсийн хөгжлийн эхний үе шатанд төрөөс  санхүүжилтээр хангадаг  байна.

Сур: Чөлөөт бүсүүдийн үйл ажиллагаа нь бодлогын түвшинд жигдрэх гэсээр өдийг хүрчээ. Тэгвэл одоо ямар ажлууд хийгдэж байна вэ?

- Нэн тэргүүний чухал асуудал бол дэд бүтэц. Чөлөөт бүсийн нутгуудад дэд бүтэц хөгжөөгүй, хязгаар нутаг учраас Төр засгаас хөрөнгө оруулахад нэлээд анхаарч ажиллах хэрэгтэй юм. Өнөөдөр “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсэд дэд бүтцийг нь хөгжүүлж байна. Мөн төрөөс үзүүлэх хилийн цэрэг, гаалийн газруудын барилга байгууламж, зам засварын ажлуудыг шийдчихээд байна. Товчхондоо, 2014 оны 6-р сарын 22-ноос “Алтанбулаг”-ийн худалдааны чөлөөт бүс албан ёсоор нээгдэж байнгын онцгой дэглэмд шилжин ажиллаж байна. Бүтээн байгуулалтын ажлууд ч сай нбайгаа. “Замын-Үүд” эдийн засгийн чөлөөт бүсийн тухайд БНХАУ-аас авч буй 300 сая ам.долларын хөрөнгөлттэй зээлийн хүрээнд хөрөнгө оруулалт хийж байгаа.

Харамсалтай нь манай чөлөөт бүсийн хувьд дэд бүтцийг барьж байгуулахад улсынтөсвөөс 2006-2009 онд хуваарилсан 1.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг эс тооцвол сүүлийн жилүүдэд хөрөнгө оруулалт огт хийгдээгүй байна.

Хавраас бид бүсийн харуул хамгаалалт, мэргэжлийн хяналтын албыг Засгийн газрын 2008 оны 227 дугаар тогтоолын дагуу байгуулж гааль,  татвар, гадаадын иргэн харьяатын албуудыг ажилд нь оруулах, зохион байгуулалтын арга хэмжээ авах, бүсэд шалган нэвтрүүлэх байр байгууламж, худалдаа тээвэр ложистиктийн  эхний ээлжийн барилга обьект, агуулахын контейнерийн, тээврийн терминалуудыг барьж байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна.

Мөн ОХУ-аас гурил, будаа болон хүнсний бүтээгдэхүүн, нефть импортлож хадгалах, бөөний худалдааны төвийг нээж ажиллуулах, мах боловсруулж экспортлох, экспортын мах хадгалах махны зоорь, консерв үйлдвэрлэх жижиг дунд үйлдвэр барих, тосгоны ойролцоох барилгын материалын түүхий эд, орд газруудыг түшиглэн барилгын материалын (чулуу, цемент, тоосго зэрэг) жижиг дунд үйлдвэрлэл барих, хөгжүүлэх, Монголын ноос  ноолууран бүтээгдэхүүнийг Казахстан, ОХУ улсад экспортлох худалдааны төв, нэрийн барааны дэлгүүрийг нээж ажиллуулах, авто машин, тэдгээрийн эд анги, сэлбэг хэрэгсэл зэргийг худалдаалах цэгийг байгуулах зорилт тавиад байна.

Өнгөрсөн онд бүсийн Захирагч БНХАУ-ын Шинжань-Уйгурын Өөртөө Засах орны Урумчи, Алтай хотууд, ОХУ-ын Алтайн хязгаарын Кош-Агач  районы төр захиргааны байгууллагын удирдах хүмүүс, гадаад худалдаа хариуцсан хүмүүс, зарим бизнесменүүдтэй уулзаж чөлөөт бүсийн тухай хууль, гааль, орлогын албан татвараас хөнгөлөх, чөлөөлөх талаар танилцуулж бүсэд хөрөнгө оруулах, хамтран ажиллах талаар санал тавиад ирлээ.

Мөн Баян-Өлгий аймгийн Засаг даргын тамгын газар, ”Цагааннуур” худалдааны чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албанаас зохион байгуулсан “Цагааннуур” худалдааны чөлөөт бүсэд хөрөнгө оруулагчид болон жижиг, дунд үйлдвэр, худалдаа, үйлчилгээ эрхлэгчдийн уулзалт зөвлөгөөнийг зохион байгуулсанаар “Цагааннуур” худалдааны чөлөөт бүсийн өнөөгийн байдал, үр дүнтэй танилцаж, дүгнэлт хийх, гадаадын улс орнуудын туршлагын талаар мэдээлэл авч, суралцах, цаашид тус бүсийн үйл ажиллагааг эхлүүлэх, өргөжүүлэх, хөгжлийн чиг хандлагыг тодорхойлж  хэрэгжүүлэхэд   Төр, хувийн хэвшлийн түншлэлийн /ТХХТ/ ач холбогдолыг ойлгож мэдсэн үр дүнтэй ажил боллоо гэж дүгнэж байгаа юм.

Сур: Та  сая бүсийн Захирагч ОХУ, БНХАУ-д ажиллаад ирсэн талаар дээр дурьдсан. Уулзалт үр дүнгээ өгсөн үү?

Хятадын тал Цагааннуур худалдааны чөлөөт бүсэд хөрөнгө оруулалт хийх тухайлбал, мах махан бүтээгдэхүүн, загас үржүүлэх, боловсруулах үйлдвэр, цэвэр бохир усны хоолой үйлдвэрлэх үйлдвэр, чулууны үйлдвэр барих ажлыг санал болгосон.

ОХУ-ын Алтайн хязгаарын Кош-Агач  районд ажиллаж тус районы дарга болон бизнесийн төлөөллийн 20 гаруй хүнтэй  уулзсан. Тэд хүнсний бараа, бүтээгдэхүүн болон нефть, гурил, мод экспортлохыг санал болгосон.

Сур: Орон нутгийн удирдлагууд та бүгдийн ажлыг дэмжиж байна уу?

Аймгийн удирдлагууд харуул хамгаалалт, мэргэжлийн хяналтын алба, гаалийн мэргэжилтэнүүдийг  ажилд нь оруулах зохион байгуулалтын арга хэмжээ авахаа хэлсэн.

Мөн бүсэд шалган нэвтрүүлэх байр барьж байгуулах ажлыг өөрсдийн түвшинд дэмжиж ажиллахаа амлаад байна.

Бидний зүгээс хүсэхэд аж ахуйн нэгжүүд маань, худалдаачид тус бүсийн бүтээн байгуулалтын ажилд идэвхтэй оролцоосой гэж хүсч байна.

Ядахдаа бизнесменүүд маань эхний ээлжинд нэг контейнерч болов аваачиж тавиад үйл ажиллагаагаа эрхлээсэй гэж боддог.  Жишээ нь: багахан хэмжээний хүнсний дэлгүүрүүд, ШТС, эх орны ноос, ноолууран эдлэл, арьсан бүтээгдэхүүн, хивс зэрэг бренд бүтээгдэхүүний нэрийн барааны дэлгүүр, цаашлаад барилгын хөнгөн хийц, материалын жижиг үйлдвэр, цехийг барьж байгуулах хэрэгтэй юм.

Сур: Ер нь Чөлөөт бүсийн ач холбогдол нь юу юм вэ?

-Чөлөөт бүс ашигтай гэдгийг цаг хугацааны хувьд урьдчилж хараад хуулиа баталчихсан шүүдээ. Гэхдээ эдийн засгийн нөхцлүүд нь бүрдэхгүй байсаар хугацаа алдсан. Яагаад заавал чөлөөт бүс байгуулаад байна вэ? Чөлөөт бүсийг байгуулахын хамгийн гол зорилго нь экспортын чиглэлийн үйлдвэрүүдийг дэмжих юм. Чөлөөт бүсэд байрлалтай үйлдвэр, аж ахуйн нэгжүүдийг татвараас чөлөөлөх арга хэмжээ авдаг. Үүнд гаалийн татвар, нэмүү өртөгийн албан татвар, орлогын татвар гэх мэт татвараас чөлөөлөгдөх эсвэл хөнгөлөлт эдлэх боломжууд орно.

Ерөнхийдөө чөлөөт бүсийн нутаг дэвсгэрт үйлдвэр худалдааны маш олон хөнгөлөлт үзүүлдэг болохоор, шинээр үйлдвэр нэвтрүүлэн хөгжүүлэхэд хамгийн тохиромжтой газарт тооцогддог бөгөөд чөлөөт бүсэд үйлдвэр шинээр нээн хөгжүүлэх нь саад бэрхшээл багатай тул гадаадын хөрөнгө оруулагч нар тухайн бүс нутагт илүү их хөрөнгө оруулалт хийдэг юм байна. Үүнтэй уялдан улс оронд шинэ технологи нэвтрэх явдал нь түргэсдэг ажээ.

Цаашлаад одоо ашиглагдахгүй байгаа 708.4 га газрын үнэ цэнэ нь мэдрэгдэж  эдийн засгийн эргэлтэд орно. Чөлөөт бүсэд гадаад, дотоодын  хөрөнгө оруулалт төвлөрч худалдаа, үйлдвэрлэл үйлчилгээний олон салбар шинээр нээгдэж олон мянган хүн ажлын байраар хангагдаж ядуурлыг бууруулах зэрэг эдийн засаг, нийгмийн ач холбогдолоороо асар их юм.

Сур: Та татвар хөнгөлөлтийн тухай дурьдлаа. Энэ талаар жаахан дэлгэрэнгүй ярина уу?

- Хамгийн энгийнээр хэлье л дээ. Жишээ нь: Та ”Цагааннуур” бүсэд зочид буудал, ШТС, барилгын материалын зэрэг үйлдвэрлэл барьж байгуулахад үйл ажиллагаагаа эхэлсэн өдрөөс орлогын албан татвараас 5 жилийн хугацаанд чөлөөлж, дараагийн 3 жилд 50 хувиар хөнгөлнө.

Мөн худалдаа, нийтийн үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгжийг үйл ажиллагаагаа эхэлсэн өдрөөс эхний 3 жилд газрын төлбөрөөс чөлөөлж, дараагийн 3 жилд 50 хувиар хөнгөлөх зэрэг татвар хөнгөлөлтийн тааламжтай олон нөхцлүүд үйлчилдэг. Гадаад орнуудаас чөлөөт бүсэд бараа таваар оруулахад мөн чөлөөт бүсээс гадаад орнуудад бараа таваар гаргахад Монголын тал гаалийн татвараас чөлөөлнө.

Сур: Юуны өмнө сонирхолтой ярилцлага өгсөн таньд баярлалаа! Та бүхний цаашдын ажилд өндөр амжилт хүсье!

Та бүхэнд ч мөн адил амжилт хүсье!

- See more at: http://www.bayan-olgii.gov.mn/pages/2547#sthash.4CblPl3l.dpuf

Design, Development CMS - http://www.joomvision.com

Санал асуулга

Та аймгийнхаа мэдээллийг аль сувгаар илүү авч байна вэ?