Уг захирамжинд сум, байгууллага тус бүр тодорхой төлөвлөгөө гарган өвөлжөө, хаваржааны бэлчээрийг хамгаалж, тариалан, хадлангийн ажлыг сайтар зохион байгуулан хонин толгойд шилжүүлэн тооцсоноор мал тус бүрт нэг кг-аас дутуугүй өвс бэлтгэх, хашаа хороог засварлан бууцыг нь овоолж ариутгах, богийн эр сувай болон хээлтүүлэгчийг тусгаарлан хариулах, мал эмнэлгийн арга хэмжээг бүрэн хэрэгжүүлэхийг сумдын удирдлагуудад үүрэг болгов.
Сургуулийн дотуур байр болон хүн эмнэлгийн түлээ түлш, хүнсийг есдүгээр сарын нэгнийг хүртэл бэлтгэж авах, дулаан, цахилгааны сүлжээ, шугамнуудыг засварлах зэрэг өвлийн бэлтгэлд холбоотой ажил тус бүрийг холбогдох байгууллага бүрийн дарга нарын нэрийг заан үүрэг болголоо.