Developed by JoomVision.com

Эдийн засагт залруулах ёстой зүйлүүд зөв гольдролдоо орсон гэв

PDFХэвлэхИ-мэйл

2014 - 3-р сарын 03, Даваа гариг, 02:29

Монгол Улсын Сангийн сайд Ч.Улаан Баян-Өлгий аймагт энэ долоо хоногт гурав өдөр ажиллав. Сайд орон нутгийн амьдралтай танилцан ард иргэдтэй уулзаж санал солилцох, зарим чухал асуудлыг газар дээр нь харж мэдэх зорилгоор явж байгаа юм байна.

Сайд аймгийн Засаг дарга, түүний тамгын газар, байгууллага, агентлагийн дарга нартай болон Өлгий, Толбо, Сагсай зэрэг сумуудын иргэдтэй тус тус уулзалт зохион, аймгийн төвийн гаалийн болон татварын газар, битүү зах зэрэг байгууллагын ажил байдалтай танилцав. Өлгий сумын иргэдтэй хийсэн уулзалт дээр Шинэчлэлийн Засгийн газраас дэвшүүлэн хэрэгжүүлж байгаа бодлогыг дэлгэрэнгүй танилцуулахдаа, тус улсын эдийн засгийн одоогийн байдал буураагүй, өрнөлттэй, засч залруулах зүйлүүд зөв гольдрол руугаа орсон, ирэх жилээс «тарьсан жимснийхээ» түрүүчийг идэж эхлэх болно гэдгийг цохон дурдлаа.

Өнгөрсөн оны ажлаараа айргийн тавд орсон аймгийн ажилд хангалттай дүн тавьж цаашид эрчимтэй, хариуцлагатай ажиллахыг зөвлөв. Уулзалтын цуглаан дээр хорь орчим хүн санал бодлоо ярьж, тэтгэвэр тэтгэмжийн нэмэгдэл олигтой болоогүй, хүүхдийн сургууль, цэцэрлэгийн багш нарын цалинг нэмэх, бүтээн байгуулалтын ажлыг санхүүжилтээр сааталгүй хангахыг санал болгов. Сонгуулийн сурталчилгаа бүр дээр яригддаг алслагдсан нутгийн нэмэгдэл, одоо болтол эргэлтэнд ороогүй хойшлогдсоор байдаг Асгатын мөнгөний ордны асуудал энд дахин хөндөгдөв. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг зүй бусаар үрэн таран болгож байгаа шүүмжлэлийн хариуд түүнийг юунд зарцуулах талаар хэлэлцэхэд иргэд өөрсдөө оролцож олны саналаар шийдэх, өөрсдөө хяналт тавихыг заав. Аймгийн буюу давж заалдах шатны шүүх Ховдод төвлөрснөөр иргэд ихээхэн чирэгдэлд өртсөнийг залруулахыг төр засгаас хүссэнийг сайд дээд байгууллагад уламжлахаа мэдэгдлээ. Тус аймагт нам, үзэл бодлоор болон яс үндсээр нь ялгаварлах илрэл газар авсныг хэд хэдэн хүн баримт гарган шүүмжлээд ийм зохисгүй үзэгдэл дээрээс бодлогын хэмжээнд хэрэгжиж байна гэж үзэж байгаагаа хэлэхэд сайд Засгийн газар тийм бодлого гаргаагүй, тийм үзэгдэл байгаа бол хуульд харшилна гэв. Тухайлбал тус аймгийн цөөнгүй байгууллагын казах дарга нарыг халж, оронд нь өөр газраас хүн томилж байгаа бөгөөд МУҮИС-ийн нэг ангид суралцдаг таван казах хүүхдэд оюутны тэтгэлэг өгөөгүй гадуурхлаа гэж нэг иргэн жишээ татан хэлсэн юм. Мөн зарим байгууллагын дарга нар байгууллагадаа ахан дүүсээ л ажиллуулдаг, зарим нь тэтгэвэрт гарах, өөр ажилд шилжихдээ оронд нь өөрийн хүнээ тавьдаг болсныг эрүүл мэндийн газрын дарга саяхан албан тушаалаасаа татгалзаад, орондоо эхнэрээ томилуулсныг жишээ татан дуулгалаа. Ажилгүй, тэтгэвэр тэтгэмжгүй хүмүүс ч санал хүсэлтээ гарган төрөөс зохих дэмжлэг үзүүлэхийг хүсэв.

Баян-Өлгий аймаг Ш.Айбек

 
 

8000 гаруй үйлчлүүлэгчдийн 1000-аад нь харьяаллын бус

PDFХэвлэхИ-мэйл

2014 - 3-р сарын 03, Даваа гариг, 02:26

Баян-Өлгий аймгийн Өлгий суманд үйлчилгээ сайтай нэг л өрхийн эмнэлэг байгаа гэж хэлж болно. Зургаа, ес, аравдугаар багийн дунд оршдог «Шипагер» өрхийн эмнэлэг 8250 хүнд эрүүл мэндийн тусламж үзүүлдэг.

Тэдний 1000 гаруй нь хэдэн жилийн өмнөөс эдгээр багт оршин суудаг мөртлөө тус сумын иргэнээр бүртгүүлээгүй түр оршин суугчид юм. Харин эмнэлгийн тусламж хэрэгтэй болоход эмч нар өргөсөн тангарагийнхаа дагуу аргагүйн эрхэнд тэдэнд үйлчилдэг ч дөрвөн их эмч, таван сувилагч, гурван ажилчинтай энэ эмнэлэг ачаалал ихтэй, илүү цагаар ажилладаг байна. Эдгээр багт ядуу өрх айл олон, өнгөрсөн онд гэхэд жирэмсэн 246 эхийг хяналтандаа авч тусалжж үйлчилсээр байгаад хөнгөрүүлж, эх нялхсын эндэгдэл гаргаагүй, нэгдсэн эмнэлгийн төрөх тасгийн эмч нартай хамтран эхчүүдэд үзлэг хийж, эрүүл мэндийн эрсдэлтэй зургаан эхийг жирэмслэхээс татгалзуулсан байна. Жирэмсэн эх, нярайчуудад тогтоосон журмын дагуу тогтмол үйлчилдэг.

Халдварт өвчний тархалт буурсан ч урьдчилан сэргийлэх вакцин хийхээр дуудаж, урилга өгөөд ч хүмүүс хамрагддаггүй нэг гэм байна гэж эмч нар нь ярьж байна. Гэтэл үүнээс бусад өрхийн эмнэлгүүд үүргээ сайн биелүүлдэг нь ховор, тэд зориулалтынхаа дагуу өрхүүдээр явж үйлчлилбэл зохино гэж хүмүүс ярьдаг. Энэ эмнэлэг тохилог байртай болсон, удахгүй бас  тус суманд өрхийн хоёр эмнэлэг шинэ байртай болох юм байна.

Баян- Өлгий аймаг Ш. Айбек

 
 

Сурагчдын завтай цагт анхаарлаа хандуулав

PDFХэвлэхИ-мэйл

2014 - 3-р сарын 03, Даваа гариг, 02:24

Баян-Өлгий аймгийн ИТХ-ын дарга Б.Лaзатхан Өлгий суман дахь Монгол Улсын баатар М.Икейн нэрэмжит нэгдүгээр бүрэн дунд сургуулийн захирал, менежер, нийгмийн ажилтан нарыг хүлээн авч уулзлаа гэж ИТХТ-ийн ажлын албанаас мэдээллээ.

Тэд хичээлээс гадуурх цагаар сурагчдын дунд ямар ажил зохиогдож байгаа, цаашид юу хийх сэдвээр ярилцсан байна. Учир нь тус аймагт сурлагын чанар ахихгүй байгаа явдал нэг талаар үүнтэй холбоотой гэж үзсэн байна. Иймд хичээлийн шинэ байранд саяхан орж шинэ аргаар ажиллаж эхэлсэн энэ сургуулийнхан төдийгүй нийт сургуулиуд сургалт, хүмүүжлийн ажлыг хослуулан хичээлээс гадуурх хугацаанд сурагчдын дунд зохиох ажлыг шинэ шатанд гаргах, төрөл бүрийн дугуйлан байгуулж хичээллүүлэн гадаад хэл сурч эзэмшихэд чиглүүлэх, бүх цагийг бүтээлчээр ашиглан хүүхдийг хэрэг зөрчлөөс ч урьдчилан сэргийлэх зэрэг үүрэг даалгавар өгсөн байна.

 
 

Гүүрийг даруй ашиглалтад өгөхийг шаардав

PDFХэвлэхИ-мэйл

2014 - 3-р сарын 03, Даваа гариг, 02:21

Цаг агаарын дулаарлын улмаас голын мөс нимгэрсэн тул мөсөөр болгоомжтой гатлахыг ус цаг уурын байгууллага иргэдэд сэрэмжлүүлж байна. Гэтэл Ховд голын гүүр хаалттай, засвар хийж байгаа тул бүх зорчигч мөсөн гарамаар гаталж байна.

Үүнтэй холбогдуулан аймгийн ИТХ-ын дарга гүүрийн засварын ажлын явцтай газар дээр нь танилцаж үзээд Өлгий сум дахь Ховд голын гүүрийн их засварыг шуурхайлан дуусгахыг гүйцэтгэгч аж ахуйн нэгжээс шаардан зөвлөгөө өглөө.

Гүйцэтгэгч компани засварын ажлыг өвлийн хүйтнээр эхэлсэн боловч засварыг стандартад тохируулан чанартай хийж, хийх ажлынхаа 65 хувийг гүйцээгээд, одоо зөвхөн гүүрийн захын хайс, явган хүний гарц тавих ажил хийж байгаа бөгөөд гуравдугаар сарын эхний арав хоногт ашиглалтад оруулна гэсэн хариу өгөв.

Баян- Өлгий аймаг Ш. Айбек

 
 

Хуудас 139-с 134

Design, Development CMS - http://www.joomvision.com

Санал асуулга

Та аймгийнхаа мэдээллийг аль сувгаар илүү авч байна вэ?